/ About us / Албаны түүхэн замнал / ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ

      Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч эзэн Чингис хааны билиг сургаальд: “Хорт мууг сайтар засаж хотол улсыг хичээн хамгаалагтун, чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ, чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс” хэмээн айлджээ. Монгол Улсын төрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс Их засаг хуулийг чандлан хэрэгжүүлэх, хулгай, худлыг цээрлүүлэх үүрэгтэйгээр Чингис хааны өргөмөл дүү Шихихутуг, эцэг нэгтэй дүү Бэлгүдэй нар ажиллаж байсан талаар Монголын нууц товчоонд бичиж тэмдэглэсэн байдаг билээ. Төрөөс зохион байгуулалттай бүтцийн дагуу иргэнээс гомдол болон мэдээлэл авах, болсон хэрэг явдлыг магадлан тогтоох, гэмтэнг барин авчирч хашраалт үзүүлж шийтгэх, нөхөн төлбөр гаргуулах зэрэг хэрэгжүүлж буй ажиллагаа нь өнөөгийн бидний хэлж заншсанаар Хэрэг бүртгэлтийн ажиллагааны эх үндэс, түүхэн улбаа юм. 

     Хэрэг бүртгэх ажиллагаа нь цаашид төр, нийгмийн хөгжлийг даган боловсорч хөгжсөний дотроос төрөл мэргэжлийн албад, ул мөр шинжлэн судлах, мөрдөж байцаадаг, эрэн сурвалжилдаг, урьдчилан сэргийлдэг, хэв журам сахиулдаг, шүүж тасалдаг эрх бүхий ажил мэргэжлүүд салбарлан гарсаар өнөөгийн тогтолцоо үүсчээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цагдан сэргийлэх байгууллагад 1934 онд Гүйцэтгэх ажлын тасаг байгуулах хүртэл гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг цагдан сэргийлэх байгууллагын түшмэд, цагдаа нар гүйцэтгэн, ялимгүй гэж үзсэн хэрэг үйлдсэн этгээдэд торгууль оногдуулж бусад хэргийг /хэрэг бүртгэлт явуулан/ шүүхэд шилжүүлдэг байснаас үзэхэд өнөөгийн Мөрдөн байцаах болон Эрүүгийн цагдаагийн албадууд хэрэг бүртгэх албанаас гарал үүсэлтэй гэж түүхэн талаас нь харж болно. 

     Тухайн он жилүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хавсран гүйцэтгэж байсан нь гэмт хэргийн гаралтаас хамааран хүн хүчний хувьд хүндрэлтэй байснаас шалтгаалан БНМАУ-ын ДЯЯ-ны Сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын 1 дүгээр хэлтсийн ажлаас мөрдөн байцаалтын ажлыг тусгаарлан, тусгай үүрэг бүхий групп байгуулсан нь одоогийн Мөрдөн байцаах албаны үүсэл болсон байна. 

      Түүхэн цаг хугацаанд Хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь цагдаагийн байгууллагаас төр, иргэн, олон нийтэд үзүүлэх үйлчилгээний нэг хэлбэрээр байнга тасралтгүй хөгжин, оршин тогтнож байсан бөгөөд 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуулийн 56 дугаар зүйл “хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Монгол Улсын их хурлын 2002 оны 1 дүгээр сард “Эрүүгийн хууль” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-уудыг шинэчлэн баталж Хэрэг бүртгэх байгууллага, хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэх ажиллагааны эрх зүйн үндэс, прокурорын хяналт зэргийг хуульчилж өгснөөр Хэрэг бүртгэх албыг цагдаагийн байгууллагад нэгдэн төвлөрүүлж, шинэчлэн байгуулах эрх зүйн үндэс бүрэлдсэн юм. Монгол Улсын Засгийн газрын  2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Хэрэг бүртгэх ажиллагаа цагдаагийн байгууллагад нэгдэн төвлөрч байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас 25, Хил хамгаалах ерөнхий газраас 5, Гаалийн ерөнхий газраас 14, Гал түймэртэй тэмцэх газраас 26, Үндэсний татварын ерөнхий газраас 13 хэрэг бүртгэгчийн орон тоо, цалингийн сан, ашиглаж байгаа автомашин, холбогдох техник хэрэгслийн хамт дансаар ЦЕГ-т шилжүүлж Хэрэг бүртгэх албыг нэгтгэн зохион байгуулав. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 297 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хэрэг бүртгэх хэлтсийг байгуулж 09 дүгээр сарын 05-ны өдрийн 311 дүгээр тушаалаар хэрэг бүртгэх хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Лүндэгдамбын Сүхээг томилжээ. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дүгээр тогтоолыг үндэслэн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 361 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны бүтэц, орон тоог баталсан байна. 

       Төрийн өмчийн хорооны даргын 2003 оны 77 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын эзэмшиж байсан барилгыг Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 11 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын барилгыг 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Хэрэг бүртгэх газрын конторын зориулалтаар Цагдаагийн ерөнхий газрын хөрөнгийн бүртгэл балансад хүлээлгэн өгчээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 290 дүгээр тушаалаар Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах албаны ажлын ачааллыг зохицуулах зорилгоор хүндэвтэр ангиллын хэргийг хэрэг бүртгэх албанд шалгах харьяалал тогтоон, мөн оны 297 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албанаас 105 алба хаагчийг Хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгчээр шилжүүлэн томилж улсын хэмжээнд нийт 352 алба хаагчийн орон тоотой болж өргөжсөн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар хүндэвтэр ангиллын хэргүүдийг мөрдөн байцаах албанд шалгах шийдвэр гарч тус албаны Татвар, Гааль, Байгаль орчин, Хулгайн хэрэг бүртгэх хэлтсүүдийг татан буулган, төвийн хэрэг бүртгэх хэлтэс, тасгийн бие бүрэлдэхүүний 40 орчим хувийг, орон нутагт тасгийн даргаас бусад алба хаагчдыг мөрдөн байцаах албанд шилжүүлэн томилсон ба нийт 240 гаруй алба хаагчийг шилжүүлэн томилжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 526 дугаар тушаалаар албаны дарга, цагдаагийн хурандаа Л.Сүхээг Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар томилж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Болдбаатарыг томилсон байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар “Хэрэг бүртгэх газрыг өөрчлөн зохион байгуулах тухай” тушаалаар Хэрэг бүртгэх хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулан үйл ажиллагааг нь “Хяналт шалгалтын чиг үүрэг”-тэй ажиллуулав. 

      Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Сүхээг Хэрэг бүртгэх албаны даргаар 2 дахь удаа томилж Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 189 дүгээр тогтоолд нийцүүлэн Хэрэг бүртгэх албыг дахин байгуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Хэрэг бүртгэх албаны даргаар цагдаагийн хурандаа Ц.Очгэрэлийг томилов. Шинэчлэлийн засгийн газрын эрх зүйн бодлогын шинэтгэлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын албадын бүтэц, орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Хэрэг бүртгэх албыг ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх хэлтсийг Гэмт хэрэгтэй тэмцэх газарт нэгтгэн Дүн шинжилгээ үнэлгээ хийх чиг үүрэг бүхий дөрөвдүгээр хэлтэс болгон өөрчилжээ. Тус хэлтэс нь хэлтсийн дарга 1, гүйцэтгэх ажлын дүн шинжилгээ хариуцсан 1, хэрэг бүртгэлтийн дүн шинжилгээ хариуцсан 1, мөрдөн байцаах ажлын дүн шинжилгээний чиглэлээр 1, нийт 3 ахлах мэргэжилтэнтэйгээр ажиллаж байжээ. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албадын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015.05.10-ны өдрийн 254 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны бүтцэд Хэрэг бүртгэх хэлтсийг, Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэст Хэрэг бүртгэх тасгийг дахин байгуулснаар улсын хэмжээнд хэрэг бүртгэх хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 4, хэрэг бүртгэх тасгийн дарга 15, орон нутагт хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга 23, ахлах хэрэг бүртгэгч 45, хэрэг бүртгэгч 94, нийт 182 алба хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Мөн ажлын байрны тодорхойлолтоор төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн 1400 гаруй алба хаагчдад хэрэг бүртгэх эрх олгогдон ажилласан байна. Хөнгөн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017.03.15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар ЦЕГ-ын бүтцэд Хэрэг бүртгэх албыг дахин байгуулж албаны даргаар Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа А.Амгаланг томилж, албаны дэд дарга 1, хэлтсийн дарга 3, ахлах мэргэжилтэн 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд хэрэг бүртгэх ажиллагааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хэрэг бүртгэх тасаг нэгжүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалт хийх чиглэлээр ажиллав. Хэрэг бүртгэх албанаас түүхэн 15 жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд нийцүүлэн гаргасан хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт, хохирсон иргэдийн эрхийг хангах ажилд ахиц гаргах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг ахиулах, алба хаагчийн ажлыг үнэн зөв, бодитоор үнэлж дүгнэх зорилт дэвшүүлж ажиллаа. Тухайн цаг үеийн гэмт хэргийн гаралт, албадын ажлын ачаалал, цагдаагийн төв байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж албаны орон тоо, бүтэц, зохион байгуулалт, нэршил нилээд хэдэн удаа өөрчлөгдсөн ч хөнгөн ангиллын гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлж иржээ. Хэрэг бүртгэх алба байгуулагдсан 2002 оноос 2004 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллага хүлээн авч шалгасан гомдол мэдээллийн 50-56 хувь, эрүүгийн хэргийн 38-45 хувь, 2004 оны 07 дугаар сараас 2008 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт гомдол мэдээллийн 75 орчим хувь, эрүүгийн хэргийн 77-82 хувь, 2008 оноос 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад хүлээн авч шалгасан гомдол дунджаар 58-65 хувь, эрүүгийн хэргийн 47-51 хувьд нь хэрэг бүртгэх ажиллагаа явуулан шалгаж шийдвэрлэсэн статистик үзүүлэлт гарч байна. Улсын хэмжээнд 2002-2016 оны байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 535.287 /мянга/ гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан, 160.347 /мянга/ гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн, гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 89 тэрбум 652 сая 630 мянган төгрөгийн хохирлоос 59 тэрбум 982 сая 112 мянган төгрөгийн хохирол буюу дунджаар 66.9 хувийг нь нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 21 тэрбум 471 сая 900 мянган төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалж үр дүнтэй ажилласан. Өмнөх 2002-2008 онуудад Татварын байгууллагатай хамтран нэгдсэн арга хэмжээг жилд 2 удаа зохион байгуулж 10.7 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсвийг бүрдүүлэхэд оруулжээ. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Малын хулгайтай тэмцэе” уулзалт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг бүсчилсэн байдлаар 8 удаа зохион байгуулж ажиллажээ. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, хулгайгаар ан хийх, хууль бусаар ашигт малтмал ашиглах зэрэг 1500 зөрчлийг илрүүлэн ашигт малтмалын нөхөн төлбөрт 1.3 тэрбум төгрөг, 15 сая төгрөгийг орон нутгийн байгаль хамгаалах санд, төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгээд төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 100.000 ам доллар оруулан энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа, яриа таниулга, хэвлэлийн бага хурал, телевизийн нэвтрүүлэг зохион байгуулж, 48 удаагийн 103.9 сая төгрөгийн хохиролтой ой хээрийн 34 түймрийн шалтгаан, гэм буруутай этгээдийг тогтоон хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байна. Зөвхөн 2006 онд Ойн тухай, Ан агнуурын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр Мэргэжлийн хяналтын албатай хамтарч болон дангаараа 52 удаагийн эргүүл шалгалтыг зохион байгуулж, 11.400 ширхэг балк, дүнз, 854 метр куб түлээний мод, 142.5 тонн самар, 1136 ширхэг тарваганы арьс, 58 бугын чив, засаа, баавгайн доньд зэргийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн хураан авч 13 сая төгрөгийг байгаль хамгаалах санд, ашигт малтмалын чиглэлээр хайгуулын ажил хийж нөхөн сэргээлт хийгдээгүй 44 аж ахуйн нэгжүүдийг шалгаж нөхөн төлбөрт 50.000 ам долларыг улсын төсөвт оруулж ажилласан байна. Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж  эхэлсэнтэй холбогдуулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/133, А/134, А/135 дугаар тушаалаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн баталж, уг өөрчлөлтөөр Хэрэг бүртгэх алба нь хуулиар харьяалуулсан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалган шийдвэрлэх, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Хэрэг зөрчлийг шалгах үед ажиллах чиглэл, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаарх мэдээлэл, зөвлөмж, зааварчлагыг тогтмол өгөх, хуулийг нэг мөр хэрэглэх үүднээс харъяа прокурорын байгууллагатай хамтарсан сургалтыг нийслэл, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, үйл ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх чиглэлээр цагдаагийн бусад алба, шүүх, прокурорын байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил арга зүйн туслалцаа авах ажлыг тухай бүр зохион байгуулж байна. Тус алба нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/328 дугаар тушаалаар шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, ажил үүргийн дагуу албаны дарга 1, дэд бөгөөд мэргэжил арга зүй, хяналт шалгалтын хэлтсийн   дарга 1, захиргааны удирдлагын хэлтсийн дарга 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 4, ахлах мэргэжилтэн 12, жижүүрийн цагдаа 4, бичиг хэргийн эрхлэгч даргын туслах 1, бичээч-архивч 1, үйлчлэгч 2, нийт 27 орон тоотой ажиллаж байна.

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна